Багийн эерэг уур амьсгалыг бий болгох нь
Багийн эерэг уур амьсгалыг бий болгож, багийн сэтгэл зүйг дэмжих нь бүтээмжийг нэмэгдүүлэх, баг доторхи хамтын ажиллагааг сайжруулах, мөн ажилтнуудын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой. Ажилтнууд нь багтаа сэтгэл хангалуун байх тусам багийн гүйцэтгэл илүү сайн болж, баг илүү их инноваци хийдгийг судалгааны үр дүн удаа дараа харуулсан байдаг. Энэ постонд бид багийн уур амьсгал, сэтгэл зүйг дээшлүүлэх шинжлэх ухаанаар батлагдсан зарим нэг стратегиудыг толилуулж байна.
Багийн эерэг уур амьсгалыг бүрдүүлэхэд удирдлагын гүйцэтгэх үүрэг
Багийн эерэг уур амьсгалыг төлөвшүүлэхэд удирдлага хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Удирдагчийн зан байдал, харилцааны арга барил, итгэл үнэмшил төрүүлэх чадвар нь багийн сэтгэл санаанд том нөлөө үзүүлдэг. Харвардын Бизнесийн сургуулийн зөвлөж байгаагаар удирдагчид нь эерэг үг, яриатай, хүмүүсийнхээ амжилтыг хүлээн зөвшөөрдөг, нээлттэй харилцаа болон хамтын ажиллагааг дэмждэг байгууллагууд нь эерэг соёлтой, ажилтнуудынх нь сэтгэл ханамж болон оролцоо өндөр байдаг байна. Патрик Ленсионигийн хэлсэнчлэн, “Багийн ажил нь итгэл үүсгэснээр эхэлдэг. Үүнийг гүйцэлдүүлэх нэг арга бол өөрсдийнхөө эмзэг байдлаа нуухгүй, ил тод хуваалцах явдал юм”.
Удирдагчид нь ажилтнуудаасаа өндөр хүлээлттэй байхын зэрэгцээ багийн гишүүдэд бас зорилгодоо хүрэхэд тусладаг, дэмжлэг үзүүлдэг тийм орчин бүрдүүлэх, нөөц бололцоогоор ханган, зөвлөгөө өгдөг байх ёстой. Ингэснээр ажилтнуудын зөвхөн сэтгэл санаа, ханамжийг нь нэмэгдүүлээд зогсохгүй, бас шилдэг хамт олон болох соёлыг бэхжүүлдэг.
Ажилтнуудынхаа хийж бүтээснийг хүлээн зөвшөөрөх, талархах
Ажилтнуудын амжилтыг хүлээн зөвшөөрч, талархдаггүй орчинд багийн гишүүд тэдний хийж байгаа ажил, хувь нэмэр хэрэгтэй, чухал байсан ч юмуу, хийсэн ажлынх нь үнэ цэнийг ойлгож байгаа юмуу гэх мэт эргэлзлийг төрүүлдэг. Ажилтнуудын амжилтыг хүлээн зөвшөөрч, талархах гэдэг нь заавал том зохион байгуулалттай арга хэмжээ эсвэл их хэмжээний санхүүгийн шагнал байх шаардлагагүй. Ажилтны хүчин чармайлт, хувь нэмэр, амжилтыг нь цаг алдалгүй хүлээн зөвшөөрч, талархах нь хамгийн үр дүнтэй байдаг. Алдарт Цицерон “Талархаж сурна гэдэг нь хүний хамгийн сайн чанаруудыг нэг бөгөөд талархаж чаддаг байх нь ялангуяа багийн ажил амжилт авчирдаг хамгийн том хөшүүрэг” гэсэн байдаг.
Байгууллагын эерэг соёлыг бий болгох нь
Байгууллагын соёл нь багийн хөгжлийн суурь болдог бөгөөд энэ нь байгууллагын хамтарсан үнэт зүйлс, итгэл үнэмшил, зан байдлыг багтаадаг. Аливаа эерэг соёл нь итгэл, хүндэтгэл, эмпати (бусдыг ойлгох, өрөвдөх), дэмжлэгийг эрхэмлэдэг. Жишээлбэл, байгууллагын сэтгэл зүй судлаач Камерон нар эерэг соёлтой ажлын байрны зургаан элементийг тодорхойлсон байдаг.Үүнд: хамт олноо анхаарал тавьж халамжлах, хүнд үед дэмжих, алдааг нь уучлах, бие биенээхээ сэтгэл санааг өргөж, урам өгөх, хийж байгаа ажил нь ийм утга учир болохыг нь байнга онцлох, шударга байдлыг дэмжих.
Менежерүүд багийн үнэт зүйлийг тодорхойлохдоо ажилтнуудаа оролцуулснаар ийм хамтарсан соёлыг бүрдүүлэх боломжтой. Багт хамгийн чухал зүйлс юу юу болох тухай ярилцлагуудыг хийж, хүүүсийнхээ санаа бодлыг сонсох нь гишүүд хамтын зорилгууддаа хүрэхийн төлөө хичээн зүтгэх, үүрэг амлалтаа биелүүлэх нөхцөл байдлыг бий болгодог. Түүнчлэн, багийн гишүүдийн хоорондын хамтын ажиллагаа, болон нийгмийн үйл ажиллагааг дэмжих нь хувь хүмүүсийн хоорондын харилцааг сайжруулж, улмаар байгууллагад инновацийг бий болгох, өрнүүлдэг орчин бүрддэг байна.
Багийн сэтгэл санаа, сэтгэл зүйг дээшлүүлэх
Ажлын байранд хөгжилтэй, зугаатай арга хэмжээ гэх мэт зүйлсийг үе үе хэрэгжүүлэх нь сэтгэл санааг мэдэгдэхүйц дээшлүүлдэг байна. Найрсаг тэмцээн эсвэл бүтээлч үйл ажиллагаа нь ажилтнуудын оролцоог дэмжихийн зэрэгцээ багийн гишүүдийн хоорондын холбоог бэхжүүлдэг. Жишээлбэл, сэдэвчилсэн арга хэмжээ зохион байгуулах эсвэл хөгжилтэй зорилтууд тавих нь бүтээмжийг бууруулахгүйгээр ажлыг илүү таатай болгодог.
Мөн ажилтнууд өөрсдийнх нь хийж бүтээсэн нь байгууллагын зорилго, амжилтад хэрхэн нөлөөлж, нийцэж байгааг олж харж, ойлгосон үед ажилтнууд улам илүү амжилтанд хүрэх хүсэлтэй болдог. Стив Жобсын хэлснээр, “Бизнест мундаг том зүйлийг хэзээ ч нэг хүн ганцаараа хийгддэггүй; зөвхөн багаар л хийгддэг”.
Дүгнэлт
Багийн эерэг уур амьсгал бүрдүүлэх нь нэг удаагийн санаачилга биш, харин тасралтгүй хүчин чармайлт юм. Энэ нь ажилтнуудын эрүүл байдал, хувийн хөгжлийг нь чин сэтгэлээсээ анхаарч, тууштайгаар, тодорхой санаа зорилготойгоор хандахыг шаарддаг. Багийн сэтгэл санааг дээшлүүлэхэд зориулсан байгууллагын хүчин чармайлт нь бүтээмжийг дээшлүүлэхээс хавьгүй өргөн цар хүрээтэй, илүү их үр өгөөжийг бий болгодог. Энэ нь хүмүүс мэргэжлийн болон хувь хүний хувьд хөгжиж, хамтын үйлсэд чадлаараа оролцох эрмэлзэл бүхий тийм ажлын байрыг бий болгодог.
Багийн сэтгэл санааг өргөх нь удирдагч болон багийн гишүүдээс тууштай хүчин чармайлт шаарддаг. Амжилтыг нь хүлээн зөвшөөрч, талархаж, хамтын ажиллагааг дэмжиж, зөрчилдөөнийг бүтээлчээр шийдвэрлэж, өдөр тутмын үйл ажиллагаанд хөгжилтэй зүйлс нэвтрүүлсэнээр багууд эерэг уур амьсгалыг бий болгодог. Старбаксийн Ховард Шульц хэлэхдээ: “Би багийн хүчинд итгэдэг. Баг тодорхой зарчмуудтайгаар, нэгдмэл байдлаар хамтран ажиллавал ямар ч аваргын цолыг хүртэж чаддаг” гэжээ.