Байгууллагын соёл: Соёлоор удирдах нь цуврал

Соёл мууддаг гол шалтгаанууд:

1. Харилцаа тааруу байх

Тааруу харилцаанаас болж танай багуудын дунд үл ойлголцол, төөрөгдөл үүсдэг үү? Харилцааны доголдол нь ажилчдын дунд буруу мэдээлэл, төөрөгдөл, бухимдлыг бий болгодог. Хэлтсүүд эсвэл багууд үр дүнтэй харилцаж чадахгүй байх нь үйл ажиллагааны үр ашиггүй байдал, алдагдсан боломжуудыг бий болгож, улмаар ажилчдын оролцоог муутгаж, улмаар бизнесийн үр дүнд хохирол учруулдаг.

2. Сайн ажилтнуудын хүчин чармайлт, хөдөлмөрийг зохих ёсоор үнэлж, уррамшуулахгүй байх

Ажилчдын хүчин чармайлт анзаарагдахгүй үед тэд өөрсдийгөө үнэлэгдээгүй гэж мэдэрч, ажлын сэтгэл ханамж болон нийт оролцоонд нь нөлөөлдөг. Хүнд хүчир ажил эсвэл чухал хувь нэмрийг хүлээн зөвшөөрөхгүй байх нь урам зориг, гүйцэтгэлийн бууралтад хүргэж болно.

3. Ажилтнууд ачлын хэт ачааллаас болж ядрах (burn out)

Хэт их ажлын ачаалал болон стресс нь ажилтнууд ядарч туйлдахад хүргэдэг. Ингэснээр хөдөлмөрийн бүтээмж муудаж болон ажилтнуудын сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Ажилтнууд байнга ажлын дарамтад байх үед тэдний гүйцэтгэл буурч, улмаар ажилтнууд өөр газар өөр ажил, боломж хайж эхэлдэг.

4. Дунд түвшний менежерүүдийн удирдах манлайлах чадвар муу байх

Менежерүүд ажилтнуудын ажлаа хийж гүйцэтгэх алхам бүрт оролцож, хэт их хяналт тавих нь ажилтнуудын бие даасан байдал болон бүтээлч байдлыг хязгаарладаг.
Ажилтнуудын ажлаа хийж гүйцэтгэхэд менежерүүд, удирдлага хэт оролцох нь тэд өөрөө өөртөө хяналт тавьж, хариуцлагатай байх соёлыг боомилон, ажилтнууд өөрийн ажлаа яаж хийхээ өөрөө ч хянах боломжгүй мэт тийм мэдрэмж төрүүлдэг. Менежерүүд байнга бүх жижиг ажилд хяналт тавих нь бүтээлч байдал, хөгжүүлэлт, инновацийг хязгаарласан орчинг бий болгодог.

5. Хорон үг хэл, үйлдэл, зан авирыг тэвчих

Таны ажлын байранд хортой зан авир байнга гардагаас багийн сэтгэл санаа, соёл сөргөөр нөлөөлж байна уу? Хортой ажлын орчин—дарамт, хов жив, эсвэл сөрөг хандлагаар тодорхойлогддог—нь компанийн соёлыг дотроос нь устгадаг. Аливаа хорон муу зан авир, хандлагын талаар арга хэмжээ авахгүй, тухай бүр нь шалгаж учрыг нь олохгүй өнгөрөөх нь ажилчдын урам зоригийг мохоож, баг хамт олон дунд яавал ч яаг юм уу эсвэл дайсагнасан уур амьсгалыг бий болгодог.

6. Шударга бус харьцаа болон ялгаварлан гадуурхалт

Танайхан бүх ажилтнууддаа шударга, тэгш ханддаг уу? Ялгаварлан гадуурхах эсвэл ажилтан болгонтой өөр өөр байдлаар харьцах нь хамт олон дунд бухимдал үүсгэж, итгэл алдагдуулдаг. Удирдлага, менежерүүдийн ажилтнуудадаа хандах хандлага нь тэд ажлаа хэрхэн хийж гүйцэтгэж байгаагаас биш харин хэн нь хэнтэй илүү ойр хувийн харилцаатай болохоос хамаарч шударга бусаар харилцах, хандах үед хамт олны нэгдэл суларч, соёлын доройтолд ордог.